www.bgemn.ubhealth.mn

Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангин



Шалтгаан: Хүний бие махбодод халдварын үүсгэгч орсны дараа өвчин үүснэ. Ангин үүсгэгчид нь бактерүүд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мөөгөнцөр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цөөн тохиолдолд цөөн стафилококк (мөн дугуй) хоёр энэ өвчний гол үүсгэгчид байдаг.

Халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактерүүд нь “шинэ газар нүүж очвол” гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ.

Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гүйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг таатай хүчин зүйлүүд юм. Мөн архи уух, тамхи их татах нь өвчин үүсэлтийг даамжруулна.

Явц: Хүний биед нэвтэрсэн бактерүүд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд  үүрлэн сүйдлэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины үеийн үрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэхэд бактериудаас гадна хүний өөрийнх нь дархлалын систем оролцож байдаг. Гүйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун) ангина, цулцангийн (гүн) ба хонхлойт (бүр гүн) гэж ангилдаг.

Үр дагавар: Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд  үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай.

Шинж тэмдэг: Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хурцаар эхэлдэг. Ингэхдээ хоолой гэнэт хатан сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хүчтэй өвдөж хатуу зүйл идэхэд төдийгүй шингэн юм залгихад ч хэцүү болно. Халуурах шинж илэрэн. Ялангуяа бага насны хүүхэд 38-40 хэм хүртэл халуурна. Бие сулран эвгүйрхэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх. Хүзүүний тунгалагын булчирхай өвчтэй болж томроно. Хэрэв толь аваад шагайж харвал гүйлсэн булчирхай улайсан, томорсон байна. Гүйлсэн булчирхайн идээт үрэвслийн үед тэр шар өнгийн идээ, цэврүүгээр бүрхэгдсэн харагдана. Өвчин 3-7 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хүндрэл гаралгүй явагдвал өвчин арилсан ч халууралт удаанаар үргэлжилдэг.

Оношлогоо: Гүйлсэн булчирхайн үрэвсэл байж болзошгүй үед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хүндрэл үүсгэдэг ноцтой өвчин тул оношыг цаг алдалгүй зөв тавих нь чухал. Заримдаа ангиныг сахуу гэдэг өөр нэг хүнд өвчинтэй андуурах явдал байдаг. Шинжлэх явцад эмч хоолойг харж, хүний зовиурыг сонсож, цус, шээсэнд шинжилгээ хийж, цаашлаад хоолойноос сахуугын арчдас авч болно.

Эмчилгээ:Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Хатуу хэвтрийн дэглэм баримтална. Гүйлсэн булчирхайн үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед сульфаниламидын бэлдмэлүүд, хүнд хэлбэрийн үед антибиотикүүдийг хэрэглэнэ. Антибиотикыг зөвхөн мэргэжилтэн л зөв сонгох боломжтой тул ангиныг өөрөө  өөртөө эм бичиж эмчлэх нь гол төлөв амжилт муутай байдаг. Антибиотикийн  курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэн устгагдаагүй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгүй.

Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. Үе үе (өдөрт 6 хүртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бүлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бүр байдаг. Мөн түүнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлүүд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болж болзошгүй байдаг. Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдөөд эхэлвэл үений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед мэс заслын эмчилгээ үр дүнтэй байдаг, үүнд:

  • Паллиатив буюу хөнгөвчлөх (цулцанг авах, хөөсөн цулцанг хусах, лазераар үйлчлэх).
  • Тонзиллотоми – гүйлсэн булчирхайг хэсэгчлэн, эсвэл бүрэн авах.

Мэс заслын эмчилгээг эмчилгээний бусад аргууд үр дүнгүй үед хийнэ.

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162535
Web Links : 6
Мэдээ үзсэн : 3768198

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө